“ISO/IEC 17065:2012 Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих шаардлага” сэдэвт сургалт боллоо.

4 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Монгол Улсад Экспортыг дэмжих” төслийн Агро бизнесийн салбарын жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхийг бэхжүүлж бараа бүтээгдэхүүний экспортын зах зээлийг тэлэхэд баталгаажуулалтын үйлчилгээг сайжруулах зорилготой хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын Баталгаажуулалтын үйлчилгээ, чанарын удирдлагыг сайжруулах 3-р бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлэх саналыг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (ЮНИДО)-д тавьсны дагуу холбогдох техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа билээ.

Төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвтэй хамтран “ISO/IEC 17065:2012 Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээг баталгаажуулах байгууллагад тавих ерөнхий шаардлага” сэдвээр олон улсын сургалтыг тохирлын үнэлгээний байгууллагууд, итгэмжлэлийн үнэлгээний ажилтнууд, шинжээчдэд 2022 оны 7-р сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг ЮНИДО-ын олон улсын эксперт, ISO 17025, 15189, 17020, 17021, 17024, 17065, 17043 стандартуудын ахлах шинжээч ноён Мухамед Саад удирдаж, сургалтын үеэр оролцогчид ISO/IEC 17065 стандартын бүх заалтуудтай танилцахын зэрэгцээ дасгал ажлаар дамжуулан стандартын талаар бодит ойлголттой болж, сэтгэл ханамж өндөр байлаа.

Ноён Мухамед Саадын хувьд тэрбээр Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын (ILAC) Итгэмжлэлийн хороо, Хяналтын хороо болон Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-ын Техникийн хорооны гишүүн бөгөөд Арабын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын ISO 17011 стандартын ижил түвшний үнэлгээний мэргэжилтэн юм.

 

2022-07-20